“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот суурингийн хүн амын хүнсний хэрэгцээг малын гаралтай шингэн сүү үйлдвэрлэн жилийн 4 улирлын туршид жигд, тогтвортой хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ивээл дор “Сүүний аж ахуй эрхлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид”-ийн үндэсний чуулганыг зохион байгууллаа
Энэхүү чуулганд салбарын үйлдвэрлэгчид, аж ахуй эрхлэгчид, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож төрөөс салбарт баримтлах бодлого, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, тулгамдсан асуудлаа ярилцлаа. Уг чуулганаас, Эрчимжсэн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх бодлогын хүрээнд өвлийн улирал дахь шингэн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд “Сүүний урамшуулал” олгох, зуны улирал дахь илүүдэл шингэн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулахад төрөөс зээлийн дэмжлэг үзүүлж сүү боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалтыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зэрэг санал санаачилга бүхий зөвлөмж гарлаа.
Цаашид дотоодын сүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж импортыг багасган хүн амын өдөр тутмын хэрэгцээг чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сүүний эрчимжсэн аж ахуйг бүсчилэн хөгжүүлэх, газар тариалангийн бүс нутагт өндөр ашиг шимтэй сүүний чиглэлийн үхрийг гадаадаас импортлон сүүний цогц аж ахуй байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Мөн эрчимжсэн малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, сүлжээг бий болгон малыг ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэн малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг баталгаажуулах, өвлийн улирлын сүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хивэгний экспортыг бууруулж, дотоодын зах зээлийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авах талаар чуулганаас гаргасан зөвлөмжид тусгалаа.